Твиттер ба Бизнес

Монголд твиттер хэрэглэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна гэхэд хэлсдэхгүй. Үүнийг дагаад Монголын зарим бизнесийн байгууллагуудын төлөөлөл болох @urguu буюу Нью Тур Сафарис ХХК-ын Өргөө кино театер, @mandukhaikhatan буюу гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл үйлчилгээний Мандухай Хатан ХХК, @reklam_mn буюу Монголын бизнесийн байгууллагуудын нэгдсэн рекламны лавлах вэбсайт, мөн @tuguldur_t буюу маркетинг консалтинг үйлчилгээний М.Ю.Г ХХК гэх мэт компаниуд Твиттерийг өөрсдийн бизнест ашиглаж байна. Үнэхээр тус компаниудын удирдлагууд твиттерийг хэрэглэж байгаа эсэх тал дээр сонирхвол маш цөөн тооных нь л болов уу.
Яагаад Монголын ерөнхийлөгч болон зарим УИХ-ын гишүүд (@elbegdorj, @enkhboldz, @enkhbat, @amarjargalR, @temuujin) твиттерийг ашиглаж байхад Монголын бизнесийн багууллагуудын ерөнхий болон гүйцэтгэх захиралууд ашиглаж болохгүй гэж? Миний өмнөх “140 болон түүнээс бага үсэгтэд харилцах маркетер болон бизнесмен” нийтлэлд зарим гадаадын бизнесийн байгууллагууд твиттерийг хэрхэн бизнесдээ амжилттай ашиглаж байгаа талаар бичиж байсан. Энэ удаа Монголын ерөнхий болон гүйцэтгэх захиралуудад зориулж тэд твиттерийг хэрхэн бизнесдээ амжилттай ашиглаж болох талаар мөн үнэхээр тэдний бизнест твиттер хэрэгтэй эсэх талаар бичихээр зорьлоо.
Твиттерийг Та зөвхөн хүмүүс өдөр тутмын амьдралдаа тохиолдсон бүтэлтэй бүтэлгүй, зугаатай болон уйтгартай, хов живээ бичдэг бас нэгэн төрлийн мессенжер эсвэл чат гэж ойлгож болохгүй. Твиттерийг Та бүхэн өөрсдийн брэнд, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэж болох хамгийн шилдэг маркетингийн хэрэгсэл гэж ойлгох хэрэгтэй. Учир нь:
1) Твиттер бол хэрэглэгчдийг татах хамгийн энгийн бөгөөд хамгийн чухал хэрэгсэл: Та твиттеийг ашиглан бусад хүмүүс Танай брэнд, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг юу гэж ярилцаж байгааг хянах, тэдний бодлийг сонсох, мөн үүсээд буй өрөөсгөл ойлголтийг хэрэглэгчдэд тайлбарлаж одоо байгаа хэрэглэгчдийн харилцааг зузаатгах мөн шинээр хэрэглэгчдээ нэмэгдүүлэх бүрэн боломжтой.
2) Твиттер нь өөрөө хамгийн шилдэг маркетингийн хэрэгсэл: Хэдийгээр Монголын залуучууд бусад төрлийн олон нийтийн сүлжээний хэрэгслүүд болох hi5, Myspace, мөн Facebook-ыг харьцангуй ихээр ашигладаг боловч твиттер нь хамаагүй илүү бодит хамрилцаа үүсгэж чаддагаараа онцлогтой. Жишээ нь: Дээрх олон нийтийн сүлжээнүүдэд компани өөрсдийн мэдээ мэдээлэл, зар сурталчилгааг тавихаас биш эргэж хэрэглэгчдийн санал бодлыг сонсох тал дээрээ твиттертэй харьцуулашгүй эргэх холбоо бага байдаг. Харин твиттерээр дамжуулан хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэх нь маш энгийн бөгөөд хүртээмжтэй байдаг. Учир нь твиттерийн функцүүд нь Танай бараа бүтээгдэхүүний хязгаарлагдмал мэдээ мэдээлэл, зар сурталчилгааны орон зайг чөлөөлж, цаг хугацаанаас хамаарах чирэгдлийг багасгаж дэлхийн аль ч өнцөгт хурдан шуурхай тархаж чаддагаараа хамгийн онцлогтой.
3) Твиттерийг мэдээлэлийн эх сурвалж авах зорилгоор ашиглах: Энэхүү “ExecTweets” вэбсайтад гадаадын компаниудын зөвхөн ерөнхий болон гүйтцэтгэх захиралууд бүртгэлтэй байдаг бөгөөд энэ нь та бүхэнд тэдэнтэй харилцах, санаа оноогоо солилцох, туршлагаа хуваалцах зэрэгт ашиг тусаа өгч болох юм. Та бүхнийг Твиттерээс өөр хэрэгсэл ингэж янз бүрийн компаниудын удирдагч нартай илэн далангүй, чөлөөтэй, ойр дотно болгож чадах хэрэгсэл байхгүй гэдэгт би итгэлтэй байна.
4) Твиттерийг бизнест хэрхэн амжилттай ашиглах гарын авлага: Твиттерийн бизнест зориулж гаргасан англи хэл дээрх бизнес зөвлөмжийг хавсаргав. Мөн үндсэн вэбсайт нь.
![[ mendorshikh.com ]](http://newmediamarketingagency.com/clients/mendorshikh.com/img/logo.png)

