Mend-Orshikh Amartaivan and Naran Batjargal
Date: 2011-08-07

Байгууллагын хамгийн үнэт зүйл бол хүмүүс нь

цэцэрлэг

Сайхан тохьжуулсан гадаах орчин байгаа биз? сайхан тохьжуулагдсан гэдгийг зөвхөн хэрхэн харагдаж байгаагаар нь биш, ямар ямар мод тарьсан, усан ориглуур барьсан гэхээсээ үнэхээр олон хүн цугларсан байгаагаас нь хэлж болохоор байна. Хүн бүр л тохьлог сайхан орчинд хайртай хүмүүстэйгээр салхилан алхалах, цаг заваа өнгөрүүлэх дуртай байдагтай холбон байгууллагын үнэт зүйл, соёл ямар гэдгээс шалтгаалан тухайн компаний сайхан муухайг бас хэлж болох байх гэж бодлоо.

The New Media Marketing Agency-ын хамт олон бид хотын төвд түрээсийн байранд өндөр өртгөөр үйл ажилллагаагаа явуулдаггүй. Гэхдээ манай хамт олон ажлын байраа хоёр дахь гэрээ гэж бодон аз жаргалтай байж чаддаг гэдэгт би итгэлтэй байдаг. Халуун дулаан уур амьсгал, цагт баригдан ажиллахгүй ажлын орчин, мөн ROWE /Result Only Work Environment/ буюу зөвхөн үр дүнд суурилсан ажлын орчин нь зөвхөн онц тоглогчдийг татах нөхцөл болж чаддаг. 

Байгууллагын соёл ба компаний соёл мөн бас бус маш сонирхолтой нийтлэлүүдийг Г.Үүрдмандах-ын блог нийтлэлээс олж уншлаа. Харин зөвхөн үр дүнд суурилсан ажлын орчны талаар Монгол хэл дээр мэдээлэл олно гэдэг боломжгүй зүйл байлаа. Зөвхөн үр дүнд суурилсан ажлын орчин Монголын ихэнх компаниудын хувьд хэзээ ч бүтэшгүй зүйл мэт. Учир нь манайхны хүн бүрийн юу хийж байгааг хянахгүй бол ажил явахгүй гэсэн итгэл хүлээлгэх чадваргүй байдал, өглөө 9 цагаас орой 6 цаг гэсэн ажлын нарийн хуваарь, их сургууль ба биеийн өндрийн шалгуур нь саад болох юм.

Мөн чанартаа өнөөгийн 9 цагаас 6 цаг ойлголт нь хүний өмнөөс хүний амьдралыг шийдэж байгаа хэрэг юм. Хэдээгээр тухайн ажилтан солилцоонд нь цалин гэх зүйлийг авч байгаа хэдий ч тухайн хүн магадгүй даалгасан ажлыг гэртээ өөрийн хүссэн цагтаа хийх боломж бас байх ёстой. Хүмүүс ажлын гүйцэтгэлийг хаана, хэнтэй, хэдэн цагт гүйцэтгэж байгаа нь ихэнх тохиолдолд учиргүй ажил олгогч нарт хамаатай зүйл биш. Хүн өөрийн ажил амралтаа зохьцуулан бусдын 8 цагт хийдэг зүйлсийг гэртээ 3 цаг хийж байгаа бол тухайн хүн гэртээ л ажлаа хийх хэрэгтэй. Ажил олгогч нарт үр дүн л чухал. Харин хүмүүст өөрөө өөрсдийнхөө амьдралыг зохион хүссэн газраа хүссэн зүйлсээ хийх нь л чухал. Учир нь хүн бүр нэг л амьдрана. Хоёр биш.

Өвлийн улиралд, мөн он цагийн элэгдэлд дээрх тохьжилттой орчин хэрхэн өөрчлөгдөн хувирахыг өнөөдөр сэтгэл ханамжтай гэр бүлээрээ алхалж буй хүмүүс үргэлж тордон шийднэ. Тэд энэ орчинг үеийн үед үр хүүхэддээ өмчлүүлэн тохьлог сайхан хэвээр нь хадгалж чадах шиг ямар ч байгууллагын хүнээ гэсэн бодлого, соёл, мөн үнэт зүйлс нь тухайн байгууллагыг өндөрт хүргэх боломжийг нээх болов уу. Хүн төвтэй хүнээ гэсэн ажлын орчин бүрдүүлж ажиллах сэтгэлгээ Таны бодлоор манай оронд хэр хол байна?